Занабазар
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Эрхлэн гаргасан газар: Сонор records
Хэвлэлийн газар: Адмон ХХК
ISBN: 9789996235887
Хэвлэсэн он: 2013
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 390
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x17 мм
Жин: 430.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 19,900₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Ард түмнээ мөнхийн галиварваасан модтой зүйрлэвээс үе үеийн хүмүүсийг хавар хаврын навч нь, түүхийн буурал явдлыг газарт алдалсан үндэс нь гэж хэлж болох мэт. Аварга модны үл үзэгдэх үзүүр тэргүүн болж, жаргалтай дэлгэр зунаар шувуудын ганганаанд баясан сэрвэлзэх зулзаган навчис, шороонд мөлхөж, хайрга хатуу чулуунаас ч болов ус чийгийг олох, эс олохын дунд тэмтэрч цангаарахсан үндэс юугаа омгойтон мартваас юуны хэрэг билээ! Ингэж бодохуй түүхэнд өргүй өнөөдөр, өнөөдөрт өргүй маргааш гэж үгүй. Расул Гамзатов: "Хэрэв чи өнгөрсөн үе рүүхуруу чичвэл ирээдүй үе чам руу нударга зангидна" хэмээжээ.

Хамгийн наад зах нь элэнцийн эмгэнэлт явдлаас давтахуйн учир "Эх орон" хэмээх том биений бүрдэл хэсэг нөгөө утгаар бие даасан бүхэл бүтэн ертөнц болох түүх ээжээс төрсөн хүмүүний үрс үе үеийн хүмүүс хэнээс тасарч юунд хүрснээ, тулж юу руу тэмүүлж байгаагаа мэдэрч, мэдэх учиртайсан аж. Ийм замаар өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг сондорлон холбогдож, цагийн хэлхээ үүсдэг бөгөөд өнгөрсний сургамж, өнөөдрийн үнэн, ирээдүйн төрх төлөв нийлэлдэн нэгэн цогц бие болдог байна.

Монгол үндэстний социалист сэргэн мандалт, бүтээн байгуулалтын их эрин үед утга зохиолд маань түүхэн сэдвийг боловсруулан гаргаж ирсэн нь нарийн зүй тогтолт үзэгдэл, соёлын төдийгүй улс төрийн учир холбогдол бүхий асуудал юм. Энэхүүзүй тогтлын гороо горьтгонд соёолсон нэгэн шинэхэн үр нь эрхэм уншигч хавтсыг нь нээж буй "Занабазар" роман мөн билээ. Түүх өөрийн давтагдашгүй өнгөтэй бөгөөд түүхийг хараар ч будаж болдоггүй, цагаанаар ч будаж болдоггүй. Чамирхсан ерөөл, муулсан хараал ер ямар ч паалан будгийг түүх биедээ халгааж тогтоодоггүй аж. Энэ нь байшин засаж сэлбэж болдог ч хэрхэн баригдсан түүхий нь засаж сэлбэж болдоггүйтэй үлгэр нэгэн буюу. Зохиогч түүхийн тухайн үеийн хэрэг явдлыг ухааны хүрдэнд оруулан бясалгаж танин мэдэж, түүхийн сургамжлал, урхаг шалтгааныг уран сайхны аргаар ялгарулах оролдлого хийсэн байна. Зохиогч Өндөр гэгээнийг хэрэгтний болоод шүтээ-ний алинд ч буулгах гээгүйд би л лав хувьд баярлана. Уран сайхны төдийгүй түүхийн эрэлчин байж болох энэ бүтээл тухайн цагийн байдлыг хар бор янзаар илэрч буй мөн чанар, диалектик хөгжил, зайлшгүй ба болзошгүй шүтэлцээн дунд дүрийн гүн нарийн ур хийцээр өнгөялгаруулж гаргахыг эзэмшсэн нь олзуурхалтай.

Гүнгэрваанд суурилж, цомгонд тахигдсан Өндөр гэгээн бурхан нирваан төрхөөс ангижирч түүхийн бодит хүн, соёл шашны томоохон зүтгэлтэн, нэрт уран бүтээлчийн хэмжээнд хувь хүний төрхийг олж дахин төрснөөр нэгэн зэрэг түүний түүхэн үе манай утга зохиолд амилж ирлээ.

Ламын ёсонд найм хувилсан гэх Занабазар есдэх "Хувилгаан дүрээрээ" бидний өмнө байна. Өөрөөр хэлбэл наймдахийг дуустал бүх Богд огт өөр өөр бие хүмүүс атлаа ид шидийн хүчээр "нэг хүн" болсон аваас энэ удаагийн Занабазар нь сүсгийг дээдэлж, нэрийг зээлдэн хуурмагаар тодруулсан бус, түүх уран зохиолын шүтэлцээ харилцан найрахын зүй ёс дундаас дүрийн хувилбарыг олж аандаа ч гэх үү, албаар ч гэх үүмэндэлсэн жинхэнэ Занабазар, жинхэнэ бодит хүн юм.

Бидний зохиолчид ард түмнийхээ түүхийн шимлэг хөрсөнд өөрийн гар сэтгэлээр тарьсан уран зохиолын цэцгээс уншигчдын өнөө ба хойчийн үед нэгэн баглааг хураан авч өргөн барьж буй нь энэ роман болой.

Оны салхинд морьдын тоосоо гөвж элэгдсэн зуунуудын элэгдээгүй бичээсийг унш. Эрдэнэ зуугийн нүд нь бүлтийлцэх сийлмэл боржин мэлхий юун тухай хөөрөлдөхийг чагнаархан сонс, Хүүхэд дүүнар минь хэмээн энэ роман учиртайхан хэлж байна. Үнэхээр бид чинь жаргалтай цагийн дүүнар, залуу үе маань ч ялгаагүй, эх түүхийнхээ үргэлжлэл, эх түүхээ үргэлжлүүлж бүтээгч дархцуул ажээ. Гагцхүүдээд зэргийн дархцуул л байх ёстойсон доо хэмээн номын анхны уншигч би бодлоо. Сайн номонд эцсийн хуудас гэж байхаас, эцсийн уншигч гэж үгүй, энэ ном тийм ном болтугай гэж бас бодлоо.

Ганц нэгээхэн санаа сэжмийг хөндсөн редакторын үг бол ер оршил төдий л бөгөөд уншигчаа аль ч зүг рүүхөтлөх гэсэн бодолгүйг минь болгоон тогтоож, номын оюун ухааны гэрэлт толиндоо тунгаан харсны эцэст санаа оноогоо сонортуулан хэлэхийг зохиогчийн хамт уншигч танаас хичээнгүйлэн хүсмүй".

Д.Маам

С. Эрдэнэ

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх